images

Сүйхээтэй өвгөн Ю.Цэдэнбал даргатай хэрхэн уулзаж, юу амжуулав?


   1981 оны намар Увс аймгаас Гаадан гэдэг малчин өвгөн Ю.Цэдэнбал даргатай уулзахаар ирснээ дуулгаж, уулзуулж өгөхийг хүсэв. Ямар асуудлаар уулзах хүсэлтэй байгааг лавлахад тэрбээр “Даргын нутгийн хүн. Давст сумаас ирсэн. Даргынхаа мэнд усыг асуугаад буцна. Өвгөн би хэдий удаан наслав гэж. Үхэхээсээ өмнө даргынхаа царайг хараад, гарыг нь атгаж мэндлээд буцвал энэ насны минь хэрэг бүтэх нь тэр” гэдэг юм байна. Мэдээж даргатай уулзах хүхсэлтэй хүмүүс маш олон байдаг. Чухам ямар асуудлаар уулзах хүсэлтэй байгааг тодруулахаар Ерөнхий хэлтсийн захидал харилцааны тасгийн ажилтнуудтай эхэлж уулзуулдаг журамтай. Үүний дагуу өвгөнийг уулзуулахад дээрх хүсэлтээ мөн хэлжээ.

   Ер нь даргатай биечлэн уулзах хүсэлтэй хүмүүс гол төлөв амин хувийн чухал асуудлаа шийдвэрлүүлэх зорилготой байдаг. Гаадан өвгөн долоо хоногт 2-3 удаа утасдаж хэзээ уулзуулах гэж байгааг лавлана. Даргын зав зай муутай, уулзах боломжгүйг хэлсээр атал өвгөн хэдий болтол хүлээсэн ч чадна гэж зөрүүдэлсээр байв. Сар гаруйн хугацаа өнгөрлөө. Зайлшгүй уулзуулах шаардлагатай гэж үзсэн хүний талаар Ц.Намсрайтай зөвлөнө. Намын хянан шалгах хорооны дарга Лувсанравдан гуай даргатай уулзахаар хүлээж байхдаа “Маш хүү минь ч даргын зав чөлөөг харж байгаад хааяа хөдөлмөрчидтэй уулзуулж байгаач. Ж.Батмөнх даргын туслах Р.Батаа та хоёрыг нам, ард түмнийг холдуулж байгаа дайсан мэтээр хэрэгтэй, хэрэггүй цаас бидэнд ирүүлэх юм” гэж нөхөрсгөөр зөвлөх, анхааруулахын хооронд хэлэв. Намын хянан шалгах хороонд Гаадан өвгөн миний талаар гомдол бичсэн нь ойлгомжтой тул өвгөнийг уулзуулах талаар Ц.Намсрайтай зөвлөн Ю.Цэдэнбал даргад танилцуулав. Дарга нутгийнхаа өвгөнийг танихгүй, мэдэхгүй, санахгүй байна гэв. Даргын гарын бэлэг болгон 70х140 см-ийн хэмжээтэй Алтанбулаг хивс хоёр ширхэгийг, хоёр шил архитай боолгон бэлдүүлээд уулзуулав. Дарга хувь хүмүүстэй уулзахдаа тэмдэглэл хөтөл гэж урьдчилан үүрэгдээгүй бол бид уулзалтад оролцдоггүй бичигдээгүй журамтай байлаа. Гэхдээ уулзалтын үеэр туслахын хувьд цай нэмж өгөх, хэрэгтэй зүйл байгааг лавлан орж гардаг байсан. Уулзах хүнд уулзалтын хугацааг урьдчилан сануулдаг авч ихэвчлэн цагаа хэтрүүлдэг нь манайхны гэм биш зан. 30 минутын хугацаатай орсон өвгөн цаг гаруй боллоо. Даргыг нутаг орныхоо талаар тайван чөлөөтэй ярилцаг гэж бодоод өвгөнийг орж шамдуулаагүй юм. Хонх дуугарч намайг дуудахад ортол “Г.Совдыг дууд” гэлээ. Манай улсын толгой хуульчдын нэг Г.Совд гуай АИХ-ын Тэргүүлэгчдийн газарт Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байлаа. Хэсэг хугацааны дараа Г.Совд гуайн араас ортол тэрбээр “Тэгье дарга аа, одоохон өршөөл үзүүлэх тухай зарлигийн төсөл бэлдээд үзүүлье” гэж хэлж байна. Г.Совд гуайг гарч ирэхэд юу болоод байгааг асуухад “Энэ өвгөний ганц охин сумынхаа Худалдаа бэлтгэлийн ангид нярав хийж байгаад социалист өмч дутаасан хэргээр шүүхээс 5 жилийн яв авч хоёр жил орчим хоригдоод байгаа юм байна. Ар гэрт нь олон нялх хүүхэд өвгөний гар дээр үлдсэн ажээ. Охиноо суллуулах хүсэлтэй юм байна” гэв. Удалгүй зарлигт гарын үсэг зурагдаж уулзалт өндөрлөлөө.

   Сарын дараа Ц.Намсрай “Даргатай хүн уулзуулах асуудлыг сайн ярилцаж байж шийдэж байхгүй бол дараа нь эвгүй байдал үүсэж болох төлөвтэй. Нөгөө Гаадан өвгөн чинь нутагтаа очоод, Ю.Цэдэнбал дарга миний охиныг сулласан. Бараг гэм зэмгүй байсан хүнийг хуулийн байгууллага хилсээр шийтгэснийг дарга залруулсан мэтээр даргын нэр хүндэд халтай, хууль хяналтын байгууллагыг буруутгасан утгатай буруу ухуулга хийж байна” гэв. Даргын ой санамж муудаж байсан тул түүнээс хойш хувь хүнтэй уулзах явдлыг хязгаарлах, заавал тэмдэглэл хөтөлж байхаар бид тохирсон юм.

   1980-аад оны сүүлээр Ц.Намсрайтай ярилцаж байхад “Хүнийг сайн явахад чимээгүй байсан атлаа буруутгаж өөлөхөд бага зүйлийг ч том болгон ашиглах юм. Социалист хууль ёсыг завхруулсан гэж нөгөө Гаадан өвгөний охинд өршөөл үзүүлсэн асуудлыг сөхөж, Г.Совд гуайг ажлаас нь өөрчлөх нэг шалтаг болгосон” гэж билээ. Г.Совд гуай бол Монголын хуульчдын ноён оргилуудын нэг, том эрдэмтэн, ухаантай түшигтэй, ноён нуруутай, шударга буурал байсан. Г.Совд баавайн гэр манайхтай ойролцоо тул хааяа тааралдахад мэнд усаа асуулцан өнгөрнө. Намайг “Маш хүү” гэж дуудна. Г.Совд гуайн тухай Ц.Намсрайгаас дуулснаа хойш тэр том хүний өмнө би их гэм буруутай гэдэг шаналал сэтгэлдээ тээх болсон юм. Нэг тааралдахаараа уучлал гуйна даа. Тэр уулзалтыг би зохион байгуулаагүй бол Г.Совд гуай төрийн өндөр албанаасаа өөрчлөгдөхгүй байсан юм билүү гэж бодсоор уулзаж амжаагүй байтал таалал төгссөнийг нь хожим дуулж билээ. Нам төрийн тэргүүн өршөөл үзүүлэх зарлиг гаргая гэж байхад үгүй гэж хэлэх зүрхтэн тэр үед байсан болов уу. Хэн нэгэнд тус болсон ач буян нь эргээд өөрт нь гай тотгор болдог нь гайхалтай”

О.Маш-Эрдэнэ “Хөшигний ар дахь амьдрал” ном, 2024 он. 159-162 дугаар та