images

“Miss America” тэмцээнд анх удаа агаарын цэргийн офицер өрсөлдөж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-12


   АНУ-ын гоо бүсгүй шалгаруулах “Miss America” тэмцээн ирэх 14-ний өдөр болно. Муж бүрээс шалгарсан нийт 50 өрсөлдөгчөөс Колорадо мужаас тодорсон 22 настай Мэдисон Марш хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж байна. Учир нь тэрбээр "Америкийн мисс" тэмцээнд өрсөлдөж буй Агаарын цэргийн хүчний анхны офицер ажээ. Арканзас мужаас гаралтай М.Марш бага наснаасаа сансрын нисэхийн хичээлд дуртай байв. Улмаар тэрбээр онгоцны нисгэгч, сансрын нисгэгч болох мөрөөдөлдөө хөтлөгдөн Колорадо мужийн Агаарын цэргийн хүчний академид элсэн оржээ. М.Марш цэргийн академид дэслэгч цолтой байхдаа Харвардын их сургуульд улс төрийн бодлогын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна. Түүний дэврүүн мөрөөдөл үүгээр зогссонгүй, гоо бүсгүйн тэмцээнд оролцохоор сургуулиасаа зөвшөөрөл авч, улмаар өнгөрсөн жил Колорадо мужийн тэргүүн миссийн титмийг хүртсэн байна. Одоо тэрбээр 14-ний өдөр Америкийн миссийн титмийн төлөө 49 гоо бүсгүйтэй үндэсний дэвжээнд өрсөлдөх юм. М.Марш хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Өөрт минь хамгийн их таалагддаг хоёр зүйлээ нэгтгэж, хүмүүст өөрсдөдөө ямар нэгэн хориг хязгаарлалт тавих шаардлагагүй гэдгийг ухааруулахыг хүссэн" гэжээ. М.Марш хэрэв Америкийн миссээр шалгарвал өсвөр насны охидтой цэргийн албаны талаар ярилцах хүсэлтэй байгаагаа хэлсэн байна. Мөн эмэгтэй цэргүүдийн талаарх хэвшмэл ойлголтыг эвдэхийг хүсч байгаагаа хэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.