Брунейн султан 7000 гаруй машины цуглуулгатай
Анд нөхдийн мэдээ
2024-01-12
Бруней улсын 31 дэх султан буюу хаан Хассанал Болкиах автомашинд ихэд дуртайг гадаадын хэвлэлүүд онцолж байна. Тэрбээр "Rolls-Royce", "Ferrari" зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс авсан 7000 орчим тансаг зэрэглэлийн машин эзэмшдэг бөгөөд нийт үнэ нь 5 тэрбум доллар хүрнэ хэмээн CNN мэдээлэв. Түүний цуглуулгад буй 7000 гаруй машины ихэнх нь тусгайлан үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн машинууд аж. Баталгаатай мэдээллээр 600 орчим "Rolls-Royce", 450 "Ferrari", 380 "Bentley", мөн "McLaren F1 LM" спорт машин, BMW зэрэг машинууд байдаг ажээ. Мөн тэрбээр 80 сая долларын үнэ бүхий "Bentley Dominator" болон 24 крат алтаар бүрсэн "Rolls-Royce Silver Spur II" машин эзэмшдэг байна. Ялангуяа "Bentley Dominator" нь султанд зориулж тусгайлан үйлдвэрлэгдсэн гэдгээрээ алдартай юм. Одоо тэрбээр арав дахь хүү, хунтайж Абдул Матины хуримын ёслолд зориулж ямар машин худалдаж авахыг хэвлэлүүд ажиглаж байна. Хунтайж А.Мартин нь загварын брэнд, аялал жуулчлалын бизнес эрхэлдэг жирийн нэгэн бүсгүйтэй сүй тавьсан бөгөөд тэдний хурим энэ сарын 7-ноос 16-ныг хүртэл үргэлжлэх юм. Бруней улс нь Зүүн өмнөд Азийн цорын ганц үнэмлэхүй хаант засаглалтай улс бөгөөд хаан улсаа шууд захирна. 1946 онд төрсөн султан Болкиах 1967 онд эцэг нь хаан ширээнээс буухад төрийн эрхэнд гарч өдгөө хүртэл хаанчилж байгаа ажээ. Түүнийг дэлхийн хамгийн баян хүний нэгд тооцдог бөгөөд 2022 оны байдлаар хөрөнгө нь 30 тэрбум доллар хэмээн үнэлэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.