images

БНСУ: Нэрээ нууцалсан хүн амьдрал тааруу хүмүүст зориулж тэрбум орчим вон хандивлажээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-27


   БНСУ-ын Жонжү хотын захиргааны Нийгмийн халамжийн төв рүү өнөөдөр дунд эргэм насны эрэгтэй хүн утсаар ярьжээ. Тэрбээр хэн болохоо хэлээгүй бөгөөд “Сэтгэлийн өргөл болгож багахан мөнгө үлдээлээ. Түүнийг амьдрал хэцүү, халамж шаардлагатай хүмүүст зориулаарай” гээд мөнгөө тус төвийн ойролцоох Христийн сүмийн мэдээллийн самбарын ард хийсэн болохоо хэлж өгсөн байна. Төвийн ажилтнууд түүний хэлснээр очиход бэлэн мөнгө, мөнгөний гахай захидлын хамт байжээ. Түүний хандивласан 50 мянгатын дэвсгэртээс багцалсан цаасан мөнгө болон бутархай зоосон мөнгө нийлээд 86 сая 980 мянган вон байжээ. Тэрбээр захидалдаа "Өнгөрсөн нэг жил хичээл зүтгэл гаргасан та бүхэнд баярлалаа. Энэ мөнгийг тусламж хэрэгтэй нутаг нэгтнүүдэд минь зориулаарай. Баярлалаа" гэсэн байв. Энэхүү хандивыг нэрээ нууцалсан уг хүн 24 дэх жилдээ өгч байгаа аж. Өнөөг хүртэл түүний хандивласан мөнгөн хандивын хэмжээ нийтдээ 964,797,670 вон болсон байна. Түүний хандивласан мөнгийг тус төвийн ойролцоо амьдардаг өндөр настан зэрэг халамж хэрэгтэй хүмүүст зориулсаар иржээ. Тэрбээр анх 2000 оны дөрөвдүгээр сард 584 мянган вон хандивлаж, ингэхдээ мөн л өөрийнхөө хэн болохыг хэлээгүй бөгөөд амьдрал хэцүү хүмүүст зориулахыг хүссэн байна. Тэрбээр энэхүү буянт үйлсээ жил бүр хийдэг бөгөөд мөнгөн хандивын хэмжээ нь хэдэн зуун мянгаас хэдэн арван сая болж нэмэгдсээр байжээ. Түүнийг хүмүүс “Нэр нь үл мэдэгдэх бурхны элч” хэмээн нэрийдэх болсон байна. Тус халамжийн төвийн тэргүүн Сон Хэ Ин "Энэ жил мөн л халамж хэрэгтэй хүмүүст тусламжийн өгөөмөр гараа сунгасан нууцлаг бурхны элчид гүнээ талархаж байна. Түүний хүссэн зовлон зүдгүүргүй аз жаргалтай нийгэм байгуулахад бид хувь нэмрээ оруулах болно” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.