Израилийн баатар араб эрийн зовлон юу байв?
Анд нөхдийн мэдээ
2023-12-11
ХАМАС бүлэглэл Израиль руу гэнэт дайрах үеэр хөгжмийн наадам дээрээс олон арван хүнийг аварсан бедуин үндэстэн таксины жолооч араб эрийг израильчууд "баатар" хэмээн өргөмжилж байгаа бол палестинчууд "урвагч" гэж үзэж байна. Британийн өдөр тутмын “The Times” сонины мэдээлснээр, таксины жолооч Юсеф Аль-Зиадна өнгөрсөн аравдугаар сарын 7-ны өглөө “Нова” хөгжмийн наадмын үеэр ХАМАС бүлэглэл гэнэт довтлох үеэр 14 хүний суудалтай таксиндаа 30 хүн чихэн суулгаж аюул эрсдэл дундуур давхисаар аюулгүй газарт хүргэж өгсөн баатар аж. Урд өдөр нь тус наадамд хүргүүлсэн үйлчлүүлэгч нь өглөөний 06.30 цагт утсаар ярьж тусламж хүсэхэд тэрбээр “Би израиль хүн, тэд ч бас израильчууд” гэж бодон шууд давхиж хүрчээ. Исгэрэх сум, тэсрэх гранатын дундуур аюулыг сөрөн давхисаар хөгжмийн наадам дээр ирж олон залуусыг машиндаа дүүргэж суулгаад энгийн замаар бус, машин явж байгаагүй замгүй газраар давхисаар аюулгүй газар ирсэн байна. Бусад машинууд ч түүний гаргасан замаар явж иржээ. ХАМАС бүлэглэл 1200 гаруй хүний аминд хүрсэн тэр өдөр олон хүний амийг аварсан Юсеф Аль-Зиаднаг Израилийн ерөнхийлөгч Исаак Херцог "Израилийн баатар" хэмээн нэрлэжээ. Гэвч хэд хоногийн дараагаас ХАМАС бүлэглэл түүнийг заналхийлж эхэлсэн байна. ХАМАС-ын гишүүн түүнтэй утсаар ярьж "Чи 30 хүний амийг аварсан гэлүү? Бид чамайг олох л болно” гэж айлган сүрдүүлжээ. Тэрбээр "Израилийн арабууд бид дайтаж буй хоёр талын хооронд хэлмэгдэж байна. Еврейчүүд биднийг ХАМАС гэдэг бол палестинчууд "еврэйчүүд" гэж үзэн яддаг” хэмээн халаглаж сууна. ХАМАС-ын гишүүний заналхийлэлд өртсөний дараа тэрбээр таксины ажлаа орхисон байна. Одоогийн байдлаар Израильд 210 мянга орчим нүүдэлчин бедуин үндэстэн, 2.1 сая орчим Палестины араб үндэстэн оршин суудаг бөгөөд тэд хүн амын тавны нэгээс илүү хувийг эзэлдэг ч үргэлж хоёрдугаар зэрэглэлийн хүнд тооцогдсоор иржээ. Таксины жолооч Аль-Зиаднагийн ах “The Times” сонинд өгсөн ярилцлагадаа "Бидэнд баатрын үнэмлэх хэрэггүй. Бедуинчууд цэргийн дүрэмт хувцас өмсөж Израилийн төлөө Газад тулалдаж байгаа ч Facebook дээр хүссэнээ нийтэлж ч чадахгүй байна. Тэгш эрх хаана байна?” хэмээн гомдолложээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.