Диана гүнжийн цамц дуудлага худалдаанд орно
Анд нөхдийн мэдээ
2023-06-28
Ирэх наймдугаар сарын 31-ээс есдүгээр сарын 14-ний хооронд Нью-Йоркт онлайнаар зохион байгуулагдах “Sotheby's Fashion Icon” дуудлага худалдаанд 1997 онд автомашины ослоор нас барсан Их Бртинийн гүнж Дианагийн ноосон цамц орохоор болсон байна. Цамцыг дуудах эхний үнэ нь 80 мянган доллар байх ажээ. Диана гүнж 1981 оны зургадугаар сард поло тэмцээнд оролцохдоо энэхүү хонины ноосон цамцыг өмсөж байжээ. 1979 онд сүлжмэл хувцасны “Warm & Wonderful” компанийн гаргасан энэ цамц нүүрэн талдаа олон цагаан хонин дундах ганц хар хонины дүрстэй бөгөөд тэр даруйдаа гүнж энэ цамцтайгаа сонины тэргүүн нүүрэнд гарч байжээ. Энэ цагаас эхлэн “Warm & Wonderful”-ийн бүтээгдэхүүн шууд л брэнд болсон байна. Тухайн үед Диана гүнж яагаад ийм цамц өмссөн тухай янз бүрийн таамаглал гарч байв. Зарим нь цамцан дээрх ганцаардмал хар хонь нь Диана хааны гэр бүлийнхэнтэй ээдрээтэй харилцаатай байгааг илтгэж байна гэж таамаглаж байсан бол зарим нь үүнийг Английн хөдөө орон нутаг, хөдөө аж ахуйн түүхийг илэрхийлсэн утгатай гэж байв. Үүний дараахан буюу 1981 онд энэхүү цамцыг үйлдвэрлэсэн Муир, Осборн нар хааны ордноос нэгэн захидал хүлээн авчээ. Энэ нь Диана гүнжийн хайртай цамц нь сэмэрч урагдсан тул засч, сольж болох эсэхийг лавласан захидал байсан бөгөөд тэр хоёр даруй түүнд зориулж шинэ цамц хийж илгээсэн байна. Энэ удаад дуудлага худалдаанд орох цамц нь дээрх захидалд дурдсанчлан сэмэрч урагдсан хэвээрээ байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.