images

Владимир Зеленский Карлын нэрэмжит шагнал хүртэнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-04-10


     Украины ерөнхийлөгч Владимир Зеленский тавдугаар сарын дундуур Германд айлчлахаар болсон байна. Тэрбээр тавдугаар сарын 14-ний өдөр Германы Аахен хотод болох Карлын шагнал гардуулах ёслолд оролцохоор төлөвлөж байна хэмээн “DPA” агентлаг мэдээлэв. Гэхдээ В.Зеленский уг ёслолд биечлэн оролцож, үг хэлэхээр төлөвлөж байгаа ч дайны нөхцөл байдлаас шалтгаалан хуваарь өөрчлөгдөж магадгүй бөгөөд энэ тохиолдолд тэрбээр цахимаар оролцох ажээ. Украины дайн эхэлснээс хойш В.Зеленский АНУ, Их Британи, Польш улсад айлчилсан боловч Германд хараахан очоогүй байсан юм. Карлын нэрэмжит шагналыг Европын интеграцчлалд хувь нэмэр оруулсан хүнд олгодог бөгөөд энэ удаад Европын үнэт зүйлсийг хамгаалахад хувь нэмрээ оруулж буй Украины ард түмнийг төлөөлүүлэн ерөнхийлөгч В.Зеленскийд олгохоор болсон байна. Уг ёслолын ажиллагаанд ХБНГУ-ын канцлер Олаф Шольц баяр хүргэж үг хэлэх бол Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен мөн илтгэл тавих ажээ. Карлын нэрэмжит шагналыг өмнө нь Германы канцлер асан Ангела Меркель, Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэйр, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон нар хүртэж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.