images

"Улаанбаатар метро" төслийн бараа, үйлчилгээг Их Британиас авна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-07-10


   Монголын Эдийн засгийн форумын үеэр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Их Британийн Экспорт, санхүүжилтийн агентлагийн Гадаад бизнесийн хамтын ажиллагаа хариуцсан удирдагч Эмма Томас нар "Улаанбаатар метро" төсөлд бараа, үйлчилгээ нийлүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр нийслэл хот метротой болоход Их Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглаж санхүүжилтийн өртөг, зардлыг бууруулах, тус улсын туршлагаас суралцах боломж бүрдэж байна. Тус агентлаг нь улсынхаа экспортлогчдын үйл ажиллагааг зээл, зээлийн баталгаа, экспортын даатгалын бүтээгдэхүүнээр дэмждэг аж. Хамтын ажиллагааны талаар Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар метро" төсөл нь хотын түгжрэлийг бууруулах стратегийн чухал алхам төдийгүй Их Британи, Монгол улс хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ шатны эхлэл юм" гэжээ. Улмаар "Улаанбаатар хот "JP Morgan" банктай гэрээ хийсэн энэ оны дөрөвдүгээр сараас нийслэл хотын сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланг үнэлэх, дүгнэх, цаашид Монголын холбогдох хууль, журмыг шинжлэх, олон улсын зах зээлээс "Улаанбаатар метро" төслийн санхүүжилтийг босгох үүрэгтэйгээр идэвхтэй ажиллаж UKEF-д танилцуулна” гэлээ. Улаанбаатар хотын метрог Толгойтоос Амгалан чиглэлд 15 өртөө, нэг депо бүхий 19.4 км урт шугамтай, цагт 17200 зорчигч тээвэрлэх багтаамжтай байхаар тооцоолж байна. Ингэснээр иргэд автобусаар 45 минутад явах зайг метрогоор 15 минутад туулах, өртөө орчимд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зэрэг эерэг үр нөлөөтэйг ТЭЗҮ-ээр тогтоожээ. Одоогоор төслийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх байгууллагыг сонгох олон улсын нээлттэй тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байна. Эхний шатанд зургаан улсын 27 оролцогч тендерийн материал ирүүлсэн бөгөөд бүгд хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцохоор болсон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.