Төрийн хүндэтгэлийн ёслолын үеэр Японы эзэн хаан хийл тоглов
Японы цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар Монгол улсад энэ сарын 6-13-ны хооронд айлчилж байна. Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх эзэн хааны гэр бүлийг өчигдөр албан ёсоор угтан авав. Төрийн хүндэтгэлийн хүлээн авалтыг "Шангри-Ла" зочид буудалд зохион байгуулсанд хоёр улсын улс төрийн болон бусад салбарын 120 орчим хүн оролцон хамт зоог барьжээ. Зочдын дунд мэргэжлийн сүмогийн их аваргууд болох Хакүхо, Харүмафүжи, Асашоорюү нар байв. Хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр болсон тоглолтод эзэн хаан Нарүхито өөрийн хийлээрээ Монголын морин хуурын чуулгын хуурчидтай хамтран Н.Жанцанноровын "Монгол аялгуу", япон ардын дуу “Хамабэ но Үта”-н хөгжмийг тоглосон байна. Хийл, морин хуур хөгжмийг хослуулан, монгол, япон хоёр хөгжим тоглосон нь талуудын найрсаг харилцааны илэрхийлэл ажээ. Мөн хаан Нарүхито хүлээн авалтын үеэр “Та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа баяртай байна. Гүн хөх тэнгэрийн дор ургамал цэцэг дэлгэрсэн, жилийн хамгийн сайхан улиралд хатны хамт танай оронд айлчлах болсондоо баяртай байна” гэж хэлсэн байна. Мөн 2007 онд айлчилж байх үеэс хойш Японд суралцаж буй оюутнуудын тоо нэмэгдэж, хоёр улсын соёлын солилцоо залуусаар дамжин тэлж буйг онцолжээ. Тэрбээр одоогоос 18 жилийн өмнө Үндэсний их баяр наадмын үеэр Монгол улсад Японы угсаа залгамжлах хунтайжийн хувиар айлчлахдаа Монгол улсын филармонийн оркестр, Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн хамт К.Сен-Сансын “Хун” аялгууг эрдүү хийл хөгжмөөр тоглож байв.
Гэрэл зургийн эх сурвалж: “Nikkei” сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.