images

Японы эзэн хаан Нарүхитог хунтайж байхад Монголд урьсан нь

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-07-08


   Монголын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс Японы эзэн хаан Нарүхитог угсаа залгамжлах ханхүү байхад ерөнхийлөгч Н.Энхбаяр Монгол улсад айлчлахыг урьсан албан бичгийг танилцуулав. 2007 оны дөрөвдүгээр сарын 28-нд илгээсэн энэхүү урилгад “Миний бие таныг Эрхэм дээд гүнж Масакогийн хамт “Японы жил”-ийн хүндэт зочноор Монгол улсад айлчлахыг урьж буйгаа үүгээр нотолж байна. Дэлгэр зуны долоодугаар сарын 11-12-ны өдрүүдэд болдог Наадмын үеэр айлчилбал тааламжтай байх болов уу гэж бодож байна” гэжээ. Уг захидал "Монгол, Японы харилцаа: Баримт бичгүүд 1972-2022" номд орсон юм. Тэр үед угсаа залгамжлах ханхүү Нарүхито урилгыг хүлээн авч долоодугаар сарын 10-17-нд Монголд айлчлан хоёр улсын найрамдалт харилцааны 35 жилийн ойг тэмдэглэсэн билээ. Ингэхдээ хүндэтгэлийн тоглолтод Монгол улсын филармонийн оркестр, Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн хамт К.Сен-Сансын “Хун” аялгууг эрдүү хийл хөгжмөөр тоглож байв. Ханхүү мөн Үндэсний их баяр наадмын нээлтийг үзсэн төдийгүй Өвөрхангай аймгийн Хархорин сумд очсон билээ. Тухайн үед Масако гүнж Монголд хараахан ирээгүй юм. Харин энэ удаа эзэн хаан Нарүхито ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Японы эзэн хаан болсноос хойш анх удаа хатны хамт ирлээ. Айлчлалын талаар өнгөрөгч сарын 20-нд Японы ерөнхий сайд албан ёсны мэдэгдэл гаргахдаа  “Цог жавхлант эзэн хаан, эрхэм дээд хатан хоёрыг айлчлахыг Монгол улс эртнээс урьсан бөгөөд ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргийн хамт манай улсад 2022 оны 11 дүгээр сард айлчлахдаа энэ урилгыг дахин нотолсон” гэсэн билээ. Харин эзэн хаан Нарүхито хэвлэлийн бага хурал хийх үеэрээ 2007 онд хоёр улсын найрамдалт харилцааны 35 жилийн ойгоор Монгол улсад айлчилснаа дурссан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.