images

Буриадын их сургуульд Монгол хэл, соёлын төв нээгдлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-07-07


   ОХУ-ын Буриад улсын Дорж Банзаровын нэрэмжит Буриадын их сургуульд Монгол хэл, соёлын төв нээгджээ. Төвийн нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 3-ны өдөр зохион байгуулж, манай улсаас Боловсролын сайд П.Наранбаяр, МУИС-ийн ректор Б.Очирхуяг, ОХУ-аас Шинжлэх ухаан, дээд боловсролын дэд сайд К.И.Могилевский, Буриадын тэргүүн А.С.Цыденов, Буриадын их сургуулийн ректор нар оролцсон байна. Шинэ төвд монгол хэл, соёлыг сонирхон судалж буй Буриад болон бусад орны оюутан, судлаач нарт зориулсан сургалт, судалгааны орчныг бүрдүүлэхээс гадна монгол хэлний түвшин тогтоох шалгалт авах, соёлын арга хэмжээ, сургалт семинар зохион байгуулах бүрэн боломжтой аж. Мөн МУИС-иас тус төвд зориулан монгол хэл, соёлын сурах бичиг, гарын авлага нийлүүлэхээс гадна мэргэжлийн багш, судлаачдыг томилон ажиллуулахаар төлөвлөж байгааг Боловсролын яамнаас мэдээллээ. Буриадын их сургууль нь долоон тэнхим, зургаан дээд сургууль, нэг коллежтойгоос гадна герман, орос, англи хэлний төвүүдтэй юм. Сонирхуулахад, Буриадын нийслэл Улаан-Үд хотноо энэ сарын 4-6-ны өдрүүдэд Монгол, Оросын их сургуулиудын ректоруудын чуулга уулзалт болж, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэх саналыг Монголын тал дахин дэвшүүлж, дээд боловсролын салбарт 2025-2029 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөрийг баталсан билээ. Хөтөлбөрийн хүрээнд орос хэлний багш нарын ур чадварыг ОХУ-д дээшлүүлэхэд хамтран ажиллах юм.  

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.