Байнга хар дарж зүүдлэх нь архи, тамхинаас илүү хортой
Эрүүл явбал
2025-06-26
Байнга хар дарж зүүдэлдэг хүмүүс жирийн хүмүүсээс богино наслах магадлал гурав дахин их байдаг гэсэн судалгаа гарчээ. Их Британийн "Daily Mail" сонины мэдээлснээр, Лондонгийн “Империал” коллежийн Мэдрэл судлалын хүрээлэн саяхан ийм судалгаа гаргасан байна. Судалгааны багийнхан 8-10 насны 2429 хүүхэд, 26-86 насны 1830 хүний хар дарсан зүүдний давтамжийг шинжилж, нас баралтын түвшинтэй харьцуулан 19 жилийн турш оролцогчдын мэдээлэлд дүн шинжилгээ хийгээд дээрх хариуг гаргажээ. Шинжилгээний үр дүнгээс харахад долоо хоногт багадаа нэг удаа хар дарж зүүдэлдэг хүмүүсийн 65 хувь нь 70 нас хүрэхээсээ өмнө нас бардаг аж. Мөн хар дарсан зүүд нь архи, тамхи, таргалалт, буруу хооллолт зэргээс илүү хортой төдийгүй хүнийг хурдан хөгшрүүлдэг гол хүчин зүйл болдог аж. Хар дарж зүүдлэхэд хүний биед нэмэгддэг даавар нь эсийн хөгшрөлтийг дэмжиж, хүнийг хурдан хөгшрүүлнэ. Мөн байнга дутуу нойртой явах нь хүнийг эрт хөгшрүүлдэг болох нь нотлогдсон. Хар дарсан зүүд нь нойрны чанар, үргэлжлэх хугацааг алдагдуулж, шөнийн цагаар биеийн эсийн нөхөн сэргээх үйл явцыг тасалдуулж, улмаар зүрхний өвчин зэрэг эрүүл мэндийн хэд хэдэн эрсдэлд хүргэдэг ажээ. Эцэст нь судлаачид хар дарсан зүүднээс өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг зөвлөсөн байна. Үүнд стресс, түгшүүрээс аль болох ангид байх, аймшгийн кино үзэх болон ийм төрлийн мэдээллээс татгалзах, унтах таатай орчин бүрдүүлэх зэргээр өөрийгөө хамгаалж болно. Байнга хар дарж зүүдэлдэг бол нэн даруй мэргэжлийн эмчид хандаж сэтгэлийн зовуурь, хямралаа багасгах эмчилгээ хийлгэх нь зүйтэй гэдгийг зөвлөсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.