Говьд барьсан төмөр замын нүхэн гарцаар анх удаа шилүүс нэвтэрчээ
Хөдөөгийн баясгалан
2025-06-13
Дорноговь аймгийн нутаг дахь Зүүнбаян-Ханги боомтын чиглэлийн төмөр зам дагуух нүхэн гарцаар шилүүс гарсан нь хяналтын камерт бүртгэгджээ. Тодруулбал, өнгөрсөн оны 12 дугаар сараас байнгын ашиглалтад орсон Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 километр төмөр зам баригдсанаас хойш нүхэн гарцаар зэрлэг амьтан анх удаа 2024 оны 12 дугаар сарын 3, мөн энэ оны нэгдүгээр сарын 7, 31-ний өдрүүдэд дайран өнгөрсөн нь камерт бичигдэн үлдсэн байна. Тэгвэл энэ бичлэгийг Монголын зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг цахим хуудсандаа хуваалцаад "Говь дахь төмөр замын нүхэн гарцыг ашиглаж буй шилүүс хяналтын камерт бүртгэгдсэн нь маш ховор тохиолдол болов" хэмээн мэдээлсэн байна. Тус байгууллагаас шугаман дэд бүтцүүдийн загвар, стандартыг сайжруулж, зэрлэг амьтдыг чөлөөтэй нүүдэллэх боломжийг бүрдүүлэхийн тулд төмөр замын гарцуудыг амьтад хэрхэн ашиглаж байгааг хөдөлгөөн мэдрэгч хяналтын камер суурилуулан судалж байгаа ажээ.
Төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан стандарт гарц хийснээр мал, зэрлэг амьтад аюулгүй, чөлөөтэй нэвтрэх болсон тоо статистикаас сонирхуулахад, Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын гарц, гармуудаар өнгөрсөн оны хагас жилд 400 орчим зэрлэг амьтан орж гарсан нь камерт бүртгэгдсэн байна. Эдгээрээс 200 орчим нь хулан, 150 гаруй нь хар сүүлт, 50 орчим нь цагаан зээр байжээ. Уг чиглэлийн төмөр замын дагуух гүүрэн, нүхэн гарцуудаар зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хийж буй эсэхийг хянаж, тандан судлахаар 24 байршилд хөдөлгөөн мэдрэгчтэй 68 автомат камер суурилуулсан аж. Дашрамд дурдахад, манай улс Азийн орнуудаас анх удаа говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц стандартыг баталсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.