images

Өмнөд Солонгосын үндэсний бөхийн аваргууд Монголд ирлээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-06-13


   Өмнөд Солонгосын сирым бөхийн "Ён-ам" дэвжээний гурван бөх, хоёр дасгалжуулагч Монголын “Хилчин" спорт хороонд монгол бөхийн бэлтгэл хийж байна. Дасгалжуулагч Ким Ки-Тэ, Юн Жон-Су нар тус улсын үндэсний бөхийн гурван том тэмцээн болох “Пэгдү”, “Кимган”, “Хамма” тэмцээний аварга бөхчүүдтэй ирсэн юм. "Кимган" тэмцээний аварга Чой Жон-Ман нь 2013-2016 онд “Hyundai Samho” компанийн бөх байгаад 2017 оноос өнөөг хүртэл “Ён-ам” дэвжээнд харьяалагдаж байгаа аж. Тэрбээр Өмнөд Солонгосын сирым бөхийн улсын чанартай томоохон тэмцээнүүдэд 22 удаа түрүүлэн улсынхаа дээд амжилтыг эзэмшиж байна. Тухайлбал, Өмнөд Солонгосын Цагаан сарын бөхийн барилдаанд Чой Жон-Ман тав түрүүлснээс хамгийн сүүлийнх нь энэ оны нэгдүгээр сарын 27-нд болсон барилдааных юм. Тэрбээр 1990 онд төрсөн, 181 см өндөр аж. Харин Ча Мин-Су бол өнгөрөгч тавдугаар сарын 28-нд “Халла” тэмцээний аварга болсон бөх ажээ. Тэгвэл "Пэгдү" тэмцээний аварга бөх Ким Мин-Жэ нь “мангас” хочтой, өдгөө 23 настай, 190 см өндөр, нэрд гарч яваа тамирчин гэнэ. Тэрбээр 2024 оны сирым бөхийн зургаан гол тэмцээнд түрүүлжээ. Мөн өнгөрсөн онд оролцсон тэмцээнүүддээ оноолт таарсан бөхчүүдийнхээ 90 хувийг унагаасан амжилт гаргасан аж. Ийм намтар түүхтэй, Өмнөд Солонгосын үндэсний бөхийн аварга гурав "Хилчин" спорт хорооны бөхчүүдтэй монгол бөхийн бэлтгэл хийхээр зургаадугаар сарын 9-нд манай улсад иржээ. Энэ нь 30 жилийн ойгоо тохиолдуулан Өмнөд Солонгосын KBC телевизийн бүтээж буй тусгай нэвтрүүлгийн нэг хэсэг аж. “Хилчин" спорт хороо нь Хил хамгаалах ерөнхий газрын харьяа үндэсний бөх, жүдо, сур харваа, бокс, хүндийг өргөлт, воллейбол зэрэг олон спортын клуб юм. Сонирхуулахад, сирым бөхийг Хойд болон Өмнөд Солонгос улс хамтран 2018 онд ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.