Узбекистан улс ОХУ-ын Засгийн газарт эсэргүүцлийн ноот илгээв
Анд нөхдийн мэдээ
2025-06-12
Төв Азийн Узбекистан улс ОХУ-д оршин суугаа узбек иргэдэд шударга бус хандаж байгаа явдлыг Оросын эрх баригчдад сануулж, энэ байдлыг залруулах арга хэмжээ авахыг хүсчээ. AFP агентлагийн мэдээлснээр, Узбекистаны Гадаад хэргийн яам ОХУ-д амьдарч буй узбек иргэдийг хууль бусаар хавчин гадуурхаж байгааг буруушаагаад, Узбекистаны цагаачдад хүндэтгэлтэй хандаж, тэднийг доромжлох, дарамтлах зэрэг үйлдлээ таслан зогсоох, улмаар энэ талаар байр сууриа илэрхийлэхийг хүссэн ноотыг Оросын Гадаад хэргийн яаманд илгээсэн байна. ОХУ дотооддоо оршин суугаа цагаачдыг илрүүлэх, албадан гаргах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд үүний хариуд Узбекистан, Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистанд эсэргүүцлийн жагсаал болсон билээ. Одоогийн байдлаар эдгээр орны дөрвөн сая гаруй цагаач ОХУ-д амьдарч байна. Тэд ажил хийж олсон мөнгөнийхөө ихэнхийг ар гэртээ илгээдэг бөгөөд энэхүү мөнгө эх орных нь эдийн засагт багагүй үүрэг гүйцэтгэдэг. Өмнө нь Киргизстан, Тажикистан улс мөн иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж Оросын эрх баригчдад албан ёсоор хандсан юм. ОХУ-ын Гадаад хэргийн яам Ташкентийн ноотын агуулгыг хянаж байгаагаа ТАСС агентлагаар дамжуулан мэдэгдээд "Узбекистан бол Оросын стратегийн түнш" гэсэн байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард Москвад террорист халдлага үйлдэгсэд Төв Азийн орны иргэд байсан нь тогтоогдсоноос хойш Оросын Засгийн газар цагаачдын эсрэг хатуу арга хэмжээ авч эхэлсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.