images

Малайз: 11 настай охины төрсөн өдрийн баярыг хүмүүс юуны учир шүүмжлэв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-10


   Малайзын иргэн, гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг Фархана Жара хэмээх бүсгүй 11 настай охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Бичлэг дээр тэрбээр урт даашинз өмсөж, титэм зүүсэн охиноо хөтлөн алтан шаргал өнгийн шатаар бууж ирэхэд уригдсан зочид төрсөн өдрийн мэнд хүргэж, бэлэг гардуулж буй дүр зураг буужээ. Төрсөн өдрөө тэмдэглэж буй охины бэлгээс тоймтойг нь дурдвал "Apple iMac", "Rolex" цаг, долоон хүний ​​суудалтай "Toyota" машин зэрэг асар үнэтэй зүйлс байв. Мөн охиныхоо хувийн жолоочид "Mercedes Benz" машин бэлэглэсэн байна. Төрсөн өдрийн үдэшлэгийн зардал 1 сая ринггит буюу ойролцоогоор 250 мянган доллар болжээ. Гэтэл үдэшлэг дээр Ф.Жара бүсгүй охиндоо хандан "Ээжийгээ уучлаарай. Охиныхоо төрсөн өдрөөр үүнээс илүү их мөнгө зарцуулж чадсангүй” хэмээн хэлж буй нь олны дургүйцлийг төрүүлжээ. Энэ бичлэг цахим ертөнцөөр маш хурдан тарж, нэг өдрийн дотор хоёр сая гаруй хүн үзсэн бөгөөд дөнгөж шилжилтийн насандаа яваа балчир охины төрсөн өдрийг ийм нүсэр, үрэлгэн хийж, зарцуулсан мөнгөө чамласан утгатай үг хэлсэнд хүмүүс эгдүүцэж байна. Нэгэн цахим хэрэглэгч “Хүүхдийн төрсөн өдөр биш, зүгээр баян тансагаа гайхуулах гэсэн арга ядсан үзүүлбэр” гэжээ. Ф.Жара өмнө нь мөн хөрөнгө чинээгээ гайхуулсан хэмээн шүүмжлүүлж байсан аж. Өнгөрсөн жил тэрбээр таван настай хоёр дахь охиндоо төрсөн өдрөөр нь 400 орчим мянган долларын үнэ бүхий "Mercedes Benz" машин бэлэглэж, мөн 2022 онд исламын шашны хамгийн том баяр болох Харияа баярын өмнө банкнаас 500 гаруй мянган доллар бэлнээр авч буй бичлэгээ олон нийтэд цацан шуугиан дэгдээж байжээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.