Их Британи улс армийн хүчээ 10 дахин нэмэгдүүлнэ
Анд нөхдийн мэдээ
2025-06-04
Их Британийн Засгийн газар батлан хамгаалахын шинэчлэлийн төлөвлөгөөгөө зарлаж, армийнхаа үүргийг "дайныг зогсоох" гэсэн томьёоллоос "дайнд бэлэн байх" болгон өөрчлөв. Мөн цэргийн хүчээ ирэх 10 жилд арав дахин нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгджээ. Энэ бол тус улсын хувьд Хүйтэн дайн дууссанаас хойшх хамгийн том цэргийн зохион байгуулалт, зэвсэгт хүчнээ бэхжүүлэх төлөвлөгөө юм. Орос, Хятадын зүгээс нэмэгдсээр буй цэргийн заналхийлэл, Дональд Трампын засаг захиргааны бодлого зэрэг дэлхийн дахины аюулгүй байдлын сорилтыг даван туулахад армийн хүчээ нэмэгдүүлэхээс өөр арга хэрэгсэл байхгүй хэмээн Лондон үзэж байгаагийн нотолгоо энэ юм. Тус улсын ерөнхий сайд Кейр Стармер Шотландын Глазго хотын усан онгоцны үйлдвэрт өчигдөр зочлохдоо "Их Британийн ирээдүйг хамгаалах" нэртэй батлан хамгаалах шинэ төлөвлөгөөгөө зарласан байна. Энэ үйлдвэрт батлан хамгаалахын "BAE Systems" компани байлдааны хөлөг онгоц үйлдвэрлэдэг. Ерөнхий сайд хэлэхдээ "Өнөөдөр бидэнд нүүрлэж буй аюул бол Хүйтэн дайнаас хойшх хамгийн ноцтой бөгөөд урьдчилан тааварлаагүй аюул юм. Их Британи үүнд бэлэн байх ёстой" гэжээ. Улмаар тус улс АНУ, Австралитай байгуулсан аюулгүй байдлын AUKUS эвслийн хүрээнд 18 сар тутамд нэг цөмийн шумбагч онгоц бүтээж, нийт арван хоёр шумбагч онгоцтой болохоо мэдэгдэв. Мөн ирээдүйд дижитал тулааны талбарыг удирдан чиглүүлэх кибер дайны командыг байгуулах, одоогийн 70 мянган хүнтэй армийн хүчийг үлэмж нэмэгдүүлэн, хиймэл оюун ухаан болон нисгэгчгүй онгоцыг идэвхтэй ашигладаг дэвшилтэт байлдааны нэгж болгон өөрчлөхөө мэдэгдэв. Эцэст нь тэрбээр батлан хамгаалахын шинэчлэлийг АНУ, Европ зэрэг одоогийн холбоотнуудтайгаа эв санааны нэгдлийн үүднээс хийж буйгаа дурдаад "Их Британи хэзээ ч ганцаараа тулалдахгүй, батлан хамгаалах бодлого ямагт "Нэгдүгээрт НАТО" гэсэн үзэл дээр суурилна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.