Нидерландын ерөнхий сайд огцрох өргөдлөө өгчээ
Анд нөхдийн мэдээ
2025-06-04
Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулсан явдал олон улсын анхаарлыг татаж байгаатай зэрэгцэн Нидерландын ерөнхий сайд Дик Схооф өчигдөр огцрох өргөдлөө өгчээ. Тус улс 2024 оны долоодугаар сард манай улстай адил эвслийн Засгийн газрыг дөрвөн намын төлөөллөөс бүрдүүлэн байгуулсан бөгөөд парламентын сонгуулиар Эрх чөлөөний нам (PVV) хамгийн олон буюу 37 хүний суудал авснаар танхимын дийлэнхийг бүрдүүлсэн байв. Эрх чөлөөний намын дарга Геерт Вилдерс эвслээс гарах шийдвэр гаргасантай холбоотой ийнхүү Нидерланд улс төрийн томоохон хөдөлгөөнд ороод байна. Г.Вилдерс Засгийн газраас хилийн хяналтыг цэргийн хүчээр зузаатгах, Сирийн дүрвэгчдийг буцаах зэрэг цагаачлалын эсрэг хатуу бодлого хэрэгжүүлэхийг шаардаж байжээ. Тэгвэл энэ нь Европын холбоо болон НҮБ-ын дүрэм, журамтай зөрчилдөнө гэсэн шалтгаанаар эвслийн бусад гишүүд дэмжээгүй бөгөөд үүний үр дүнд Г.Вилдерс өөрийн намын сайд нарыг Засгийн газраас татах шийдвэрийг гаргасан юм. Үүний улмаас ерөнхий сайд Дик Схооф огцрох өргөдлөө өгсөн байна. Ингэснээр 2025 оны намар тус улсад бүх нийтийн сонгууль явуулахаар болж байна. Шинэ эвслийн Засгийн газар байгуулагдах хүртэл үлдсэн гурван нам түр хугацаанд ажиллах ч олонхыг бүрдүүлж чадахгүй учир улс төрийн тодорхойгүй байдал үүсээд байгаа ажээ. Мөн шинэ Засгийн газар бүрдтэл Дик Схооф ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллана.
Зураг дээр: Ерөнхий сайд Дик Схооф.
Гэрэл зургийн эх сурвалж: Getty Images
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.