Хакүхо М.Даваажаргалын сүмогийн замнал дуусгавар боллоо
Дэлхий дүүрэн монголчууд
2025-06-02
Өнөөдөр хуралдсан Японы сүмо бөхийн холбооны Захирлуудын зөвлөл мэргэжлийн сүмогийн 69 дэх аварга Хакүхогийн тус холбооноос гарах хүсэлтийг хүлээн авч ёсоор болгосон шийдвэр гаргасан талаар NHK телевиз дөнгөж сая мэдээллээ. Хакүхо М.Даваажаргал Сүмо бөхийн холбооноос гарах өргөдлөө өгсөнөө холбооны Захирлуудын зөвлөл хуралдахын өмнөхөн албан ёсоор зарласан билээ. Одоогоор Монголд байгаа Хакүхо өнөө маргаашгүй Япон руу буцах бөгөөд 9-ний өдөр Токиод сэтгүүлчидтэй уулзаж мэдэгдэл хийснээр түүний сүмогийн замнал албан ёсоор дуусгавар болно хэмээн NHK телевиз мэдээлсэн байна. Японы сүмо бөхийн холбооны Захирлуудын зөвлөлд Такасаго ояката (Нобүёши Хокүтоүми) тэргүүтэй 12 ояката, зодог тайлсан нэр хүндтэй бөхчүүдээс гадна “Yomiuri Shimbun” сонины Токиогийн салбарын эрхлэгч Точиказү Ямагүчи, Нагано хотын прокурор байсан хуульч Тошио Такано, “NHK Enterprises” компанийн захирал Тамаки Имаи нар багтдаг ажээ. Хакүхо М.Даваажаргал одоогоос 24 жилийн өмнө буюу 2001 оны гуравдугаар сард Осака хотод болсон Харү башёд мэргэжлийн сүмогийн дэвжээн дэх анхны барилдаанаа хийж байсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд тэрбээр мэргэжлийн сүмод 45 удаа түрүүлсэн бөгөөд 2021 оны есдүгээр сард зодог тайлж, улмаар "Миягино" дэвжээний багшаар ажиллах болсон билээ. Тэрбээр өнгөрөгч гуравдугаар сарын 11-нд 40 нас хүрсэн юм.
Гэрэл зургийн эх сурвалж: www.france24.com
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.