images

Швейцар: Тосгон бүхэлдээ цасан нурангид дарагдсан ч хүний амь эрсдээгүй байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-30


   Швейцарын Альпийн нуруунд цасны нуранги болж нэг тосгоныг бүхэлд нь даржээ. Энэ байгалийн гамшиг асар их хэмжээний хохирол учруулж болох байсан ч урьдчилсан хяналт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авсны ачаар хохирол багатай даван туулсан байна. АР агентлагийн мэдээлснээр Альпийн нурууны бэлд орших Блаттен тосгонд уулын цасны нуранги буусан бөгөөд цас, мөс, хайрга чулуу, шавар холилдсон нурангид тосгоны бараг 90 хувь нь дарагдсан байна. Тус тосгон 300 орчим оршин суугчтай бөгөөд мэргэжлийн байгууллагууд гамшиг болохыг урьдчилан мэдээлж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Харин 64 настай нэг эрэгтэй ор сураггүй алга болж, аврах багийнхан эрэн хайж байна. Болзошгүй гамшигт байнгын бэлэн байдаг тогтолцоо нь олон хүний ​​амь насыг авран хамгаалж чадсан болохыг хэвлэлүүд онцлов. Тус улс 1990-ээд оноос хойш цаг уурын өөрчлөлтөөс болж цасны нуранги буух, мөсөн гол нурах, хөрсний гулгалт үүсэх зэрэг үзэгдэл тохиох болсон тул урьдчилан сэргийлэх тогтолцоог сайтар боловсруулжээ. Мэргэжлийн байгууллагууд радарын зураг ашиглан чулуулгийн хөдөлгөөн, мөсөн голын хөдөлгөөний хурдыг хянах замаар нуралтаас үүдэлтэй хөрсний гулгалт зэргийг байнга хянаж, сэрэмжлүүлдэг. Блаттен тосгоны захирагч Маттиас Белвальд "Хүний ​​амь эрсдээгүй ч бид тосгоноо алдлаа. Гэхдээ бид нийтийн төлөө гэсэн өгөөмөр сэтгэлээ алдаагүй” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.