images

Ц.Элбэгдорж: Япон улс цаазаар авах ялын давуу болон сул талыг ярих цаг болсон

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-05-29


   Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ сарын дундуур Япон улсад айлчлах үеэрээ тус улсын “Mainichi” сонинд цаазын ялын талаар ярилцлага өгчээ. Түүнийг ерөнхийлөгч байхад Монгол улс цаазын ялгүй орон болсон бөгөөд 2017 онд уг ялыг Эрүүгийн хуулиас бүрмөсөн хассан юм. Улмаар дэлхий дахинд цаазын ялыг халах хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаагийн хувьд тэрбээр Японыг цаазын ялгүй орон болохыг уриалж байгаа аж. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын 38 гишүүнээс цаазын ялтай хэвээрээ байгаа гурван орон нь АНУ, Өмнөд Солонгос, Япон аж. Иймд Ц.Элбэгдорж Япон улсад айлчлахдаа тус улсыг цаазын ялын талаарх нээлттэй мэтгэлцээнд уриалжээ. Санал асуулгаар Японы иргэдийн 80 хувь нь цаазын ялыг сайшаадаг бөгөөд энэ нь уг ялыг халахгүй байх шалтгаан болдог хэмээн Токио тайлбарладаг байна. Тэгвэл цаазын ялыг халах талаар илүү их мэдээлэл өгвөл олон нийтийн санаа бодол өөрчлөгдөнө хэмээн үздэгээ Ц.Элбэгдорж ярилцлагадаа дурджээ. "Олон нийт цаазаар авах ялын эсрэг байсан ч үндэсний хэмжээнд хэлэлцүүлэг өрнүүлснээр санаа бодол нь аажмаар өөрчлөгддөг" хэмээн тэрбээр хэлээд Монгол улсын жишээг татахдаа "Манай улс цаазын ялыг бүх насаар нь хорих ялаар сольсон. Гэмт хэрэгтний амь насыг егүүтгэж цээрлүүлэхийн оронд гэм буруугаа үхэн үхтлээ тунгаан бодох шийтгэл оноох нь зөв гэж бид үзсэн" хэмээн ярьсан байна. Мөн "Цаазаар авах ял нь төрөөс зөвшөөрсөн хүн амины хэрэг бөгөөд хүн төрөлхтний эсрэг үйлдэл юм. Одоо Япон улс цаазаар авах ялын давуу болон сул талыг ярих цаг болсон" гэжээ. Өнөөдөр дэлхийн 145 орон цаазын ялыг хуулиасаа хассан, эсвэл хуулинд бий ч оноохоо болиод байгаа юм. Хамгийн ойрын жишээ гэвэл 2024 онд Зимбабвэ улс бүх төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ял оноохоо больсон бол Азийн орнуудаас хамгийн сүүлд Казахстан улс 2021 онд ийм шийдвэр гаргасан билээ.     

Эх сурвалж: "Mainichi" сонин.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.