Хэлэлцээр батлагдвал Казахстанд ажиллаж буй монголчууд тэтгэвэр тогтоолгож авна
Чихэнд чимэгтэй
2025-05-20
Монгол, Казахстан улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг эцэслэн батлахыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ. Уг хэлэлцээрийн төслийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас энэ сарын 9-нд УИХ-ын даргад өргөн бариад байсан юм. Тэгвэл хэлэлцээр эцэслэн батлагдвал хоёр улсын иргэд аль аль талдаа ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, монгол иргэд Казахстан улсаас хуримтлалын тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдэнэ. Ингэхдээ Монголын талаас Казахстаны иргэдэд өндөр насны тэтгэвэр, Казахстаны талаас өндөр насны болон хуримтлалын тэтгэврийг иргэдэд тогтоож өгөх аж. Харин энэ хэлэлцээрт хоёр улсын цэргийн албан хаасны тэтгэвэр хамаарахгүй байхаар тусгасан байна. Сонирхуулахад, Казахстан улсад 1998 оноос хойш ажилласан хугацаанд ногдох хуримтлалын тэтгэврийг тус улсын хууль тогтоомжийн дагуу тогтоож олгох, Монгол улсад байнга оршин суухаар гарсан тохиолдолд Монгол улс дахь тэтгэвэр авагчийн дансанд тэтгэврийг шилжүүлэхээр төсөлд тусгажээ. Гадаад харилцааны яамны мэдээллээр, 2023 оны байдлаар Казахстан улсад 3115 монгол иргэн албан ёсоор хөдөлмөр эрхэлж байгаа бол манай улсад Казахстаны 564 иргэн оршин сууж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.