images

Америк: Загасчин эр дроноор хүүхдийн амь аварчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-19


   Америкийн загасчин эр далай дунд хөвж явсан бага насны охиныг дрон ашиглан аварчээ. Тодруулбал загасчин Эндрю Смит 15-ны өдөр Флорида мужийн Форт Пикенс далайн эргийн ойролцоо камертай дрон нисгэн акул хайж байтал гэнэт камерт нь давалгаан дунд хөвж яваа бяцхан охины дүрс харагджээ. Тухайн үед охин “Сэлж чаддаг хүн байна уу? Намайг авраач” хэмээн хашгирч тусламж дуудаж байсан аж. Энэ үед усанд сэлж чаддаггүй Э.Смит яаравчлан эрэг дээр хэвтэж буй аврах хөвүүрийг дрондоо холбоод, дроноо охин руу нисгэх гэж оролдсон байна. Гэвч энэ оролдлого хүчтэй салхины улмаас түүний хүссэнээр болж өгөхгүй байлаа. Эхний удаад дроноор илгээсэн хөвүүр нь охиноос нэлээд хол унав. Харин хоёр дахь оролдлого нь амжилттай болж, охин хөвүүрээс барьж авч чадсан байна. Энэ хооронд аврах албаныхан ирж охиныг эсэн мэнд гаргаж авчээ. Охин найз нарынхаа хамт далайн усанд сэлж байгаад давалгаанд туугдан одсон нь тэр байжээ. Э.Смит дараа нь охины ааваас талархлын захидал хүлээж авснаа, бас утсаар ярьж талархал илэрхийлснийг хэлсэн байна. Үүний дараа тэрбээр хүмүүсээс дроныг хэрхэн жолоодох, ямар төрлийн дрон ашигладаг талаар асуусан мессеж, захидал олныг хүлээн авсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.